Миний бие зургаан жилийн өмнө Монгол Улсын парламентат ёсны гажуудал гэсэн сэдвээр нэгэн өгүүлэл бичсэн билээ. Түүнийгээ олон улсын сэтгүүлд хэвлүүлэх санаа өвөртлөн Иргэний боловсролын төслийн шугамаар ажиллаж байсан айлчин профессор Ясмин Лодитой уулзан санал бодлоо солилцсон юм. Профессор Лоди миний бичсэн зүйлээс Монгол Улсын болон Герман Холбоот Иргэн Улсын парламентат ёсны харьцуулалтын хэсэг дээр Британийн Вестминстерийн системийн талаар судалж, нэмж харьцуулбал илүү сонирхолтой байж магадгүй шүү хэмээн зөвлөж билээ.
Энэ үеэс миний судалгаа Британийн парламентат ёс, түүний түүхэн хөгжлийн асуудлыдг сонирхох болсон нь харьцуулалтын маань хүрээ далайцыг үлэмж тэлж өгсөн юм. Улмаар Монгол Улсын парламентат ёсны загвар бидний байнга ярьж заншсан Германы парламентат ёсны загвараас тэс өмнөө, харин Британийн Вестминстерийн загвартай их төстэй болох нь судлах бүрий нүднээ илрэн гарсан билээ. Хэдийгээр парламентын тогтолцооны эл хоёр хэлбэрийн тухай асуудал өрнө дахины эрдэмтэн судлаачдын хувьд шинэ зүйл биш боловч миний хувьд өөртөө хийсэн бяцхан нээлт байлаа. Иймээс шинэ санаа нэмэрлэж, урам хайрласан Лоди профессорт миний бие гүнээ талархан явдаг билээ.
Уншигч танаа толилуулж буй энэ ном бол миний эрдмийн зэрэг горилох ажлын өмнөх хайгуул судалгааны тайлан дүгнэлт юм. Парламентын засаглалын үед эрх мэдэл төвлөрүүлэх ба хуваарилах хоёр хэлбэрийн тухай эл судалгаанд зургаа орчим жил зарцуулсан бөгөөд эрх зүй, улс төр, түүхэн талаас нь нэгдмэл зураг гаргах эгсэн оролдлого болно.
Судалгаа гэдэг оюуны хөдөлмөр бөгөд автобусанд явж байсан ч, самар цөмж байсан ч толгойд эргэлдэж л байдаг ажил билээ. Ийнхүү гиюүрч явахад онож хэлсэн ганц үг, олж томьёолсон бодомж бүр гүн их нэмэртэй байдаг. Ийм үнэтэй санаа ажил дээрээ (Стратегийн судалгааны хүрээлэн) ном уншиж суухад, багш нартайгаа ярилцах үед, найз нартайгаа пиво уух үед хэзээ ч хамаагүй төрдөг. Онгод орон лекц унших зуур оюутны тавьсан асуулт ч шинэ санаа, шинэ мэдлэг авчирдаг. Гэвч надад ямар их тус болж байгаагаа тэр хүмүүсийн ихэнх нь мэдэлгүй өнгөрдөг билээ. Ингэж ажилд минь алт шиг санаа нэмдэг ажлын хамт олондоо, МУИС-ын Хууль зүйн сургууль, Нийгмийн шинжлэх ухааны сургууль, тухайлан, Улс төр судлалын болон Түүхийн тэнхимийн багш нартаа, бас оюутан шавь нартаа гүн талархал илэрхийлье.
“Монгол Улсын төрийн байгууллыг боловсронгуй болгох нь” гэсэн сэдвээр манай ардчилсан хувьсгалын удирдагч Улаалзай Хөгдүүд С. Зориг эрдмийн зэрэг горилох ажлаа хийж байжээ. Миний бие Монгол төрийн эгэл боловч аугаа зүтгэлтэн энэ хүний шууд удирдлага дор амьдралынх нь сүүлийн хоёр жилд нэг дор хамт ажиллаж байсан авч түүний эрдмийн ажлын сэдвийн тухай нэлээн хожуу олж сонссон юм. Тэрээр дарга шиг хүн байсангүй, зүгээр л жирийн эгэл сайн хүн, сайн нөхөр байлаа. Бидний хэдэн туслах нь ч түүнийг “-дарга аа” гэж биш, харин “- Зоригоо ах аа” гэж дууддаг байсан юм. Тийн атал түүний ажиллаж байсан эрдмийн бүтээл нь миний хийж байсан зүйлтэй нэгэн чиглэлд байсныг олж мэдэж чадаагүйг санахад нэг бодлын миний хувьд ичгүүртэй боловч нөгөө бодлын С. Зориг агсны хийж бүтээж зорьж ажиллаж байсан нь хэдий өргө байж вэ хэмээн сэтгэлд буух бөлгөө.
С. Зориг агсны эрдмийн ажлын үр дүнгийн талаар миний бие тодорхой судлаж үзсэн зүйл хараахан үгүй, эрдэм гэдэг оройгүй, хүрээгүй, орооцолдсон, хөглөрсөн болохоор үр дүн нь минийхээс зөрөх ч байсан байж магадгүй.
Хэдий тийм боловч энэ ажлаа эгэл сайн хүн Зоригоо ахын дурсгалд би зориулж байна.
ҮАБЗ-ийн дэргэдэх
Стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах шинжээч
МУИС-ын докторант
Сарлагтай Отгонбаярын Машбат
1 comment:
Сайн байна уу?
Эрхзүйчдийн хэлсэн онч үгүүдийн талаар бичиж болох уу?
Post a Comment