Tuesday, October 16, 2007

Дөрөвдүгээр Бүлэг.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН БАРИМТЛАЛ ӨӨРЧЛӨГДСӨН НЬ
Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш найман жилийн дараа анхны нэмэлт өөрчлөлтийг оруулсан юм. Эл нэмэлт өөрчлөлтийн мөн чанарыг танин мэдэхийн тулд
А) үйлчилж ирсэн арван жилийн үр нөлөө
Б) өөрчлөлтийн үндсэн агуулга зэргийг нарийвчлан судлах шаардлагатай.
Монгол Улсын Үндсэн хуулиар анх тогтоосон төрийн байгуулал, парламентат ёсны үндсэн хэв маягийг үзвэл Боннын системийг суурь болгосон байдал илэрхий ажиглагдана. Ийнхүү тодорхойлох гол шинж нь парламентын засгийн хүрээнд төрийн эрх мэдлийг хуваарилах оролдлого байсан юм. Харин 2000 онд хийсэн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд манай парламентат ёс Вестминстерийн систем руу шууд шилжилт хийсэн.
Гэвч энэ шилжилт нь гэнэтийн зүйл байгаагүй бөгөөд Үндсэн хуульд шууд баталгаажвал зохих зарим механизмыг тусгалгүй орхиж, ердийн хуулиар гүйцээж зохицуулахдаа гажуудуулснаар эхэлсэн юм.
Энэ шилжилтийн явцыг дэлгэрэнгүй нээн үзүүлэхэд энэхүү дэд бүлэг чиглэж байгаа бөгөөд үүний тулд дээр өгүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн анхны үзэл баримтлал, дутуу зохицуулалтууд хэрхэн гажуудсан хийгээд эл гажуудал нь хэрхэн Боннын системээс Вестминстерийн систем рүү эргүүлж, Монголын улс төрийн амьдралд нөлөөлж байгааг тодорхой дүрслэн харуулахыг хичээлээ.

No comments: