Tuesday, October 16, 2007

Өмнөх үг

“Урьд ургасан чихнээс хойно ургасан эвэр урт” гэдэг үг зүйрлэлээсээ илүү, хөгжлийн журмыг илэрхийлсэн үг бололтой. Сүүлийн жилүүдэд залуу эрдэмтэд, судлаачид өрнө дорнын үзэл, онолоос шаргуу суралцаж, үзэл санаа уралдуулсан бүтээл туурвих болсон нь шинжлэх ухааны онолын сэтгэлгээний хөгжлийн төвшинг нэжгээд шатаар урагшлуулахад чухал алхам болж байна. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах шинжээч, МУИС-ын Хууль зүйн сургуулийн докторант Сарлагтай Отгонбаярын Машбатын зургаан жилийн шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд биет хэлбэрээ олж уншигч таны гарт очиж буй энэхүү ном нь онолын сэтгэлгээ, цар хүрээ, практик ач холбогдлоороо тийм бүтээлүүдийн нэг юм.
Залуу судлаач О.Машбат эрх зүй, улс төрийн тогтолцооны уулзвар, огтлолцлын эмзэг асуудал болох улс төрийн сонирхол, түүнийг хэрэгжүүлэх улс төр, эрх зүйн орчин, бүтцийн асуудлыг судалгааны түвшинд шинжилсэн нь энэ бүтээлийн нэг содон тал юм.
Зохиогчийн эл бүтээлээс онолдох болон амьдрал үйл ажиллагааны гарц, шийдлийг судлаач хүн хэрхэн хослуулдгийг олж харж болно. Нөгөө талаас энэ номд парламентын засаглалын эсрэгцсэн хоёр загварын түүхийн болон өнөө цагийн төлөвийг нь зэрэгцүүлэн шинжлэхзамаар Монгол Улсын парламентат тогтолцоо руу орж энэхүү хоёр загварын хүрээнд ямар сонголт хийсэн, түүний эерэг сөрөг талыг хөндөж дэвшүүлжээ.
Ийм хэмжээний судалгааны бүтээл туурвихад зохиогчийн эрдмийн чадавхи хийгээд шинжлэх ухаанч сонирхол нөлөөлсөн нь маргаангүй боловч өдий дайтай өсөж өндийхөд нь МУИС-ын Хууль зүйн сургуулийн бакалавр, магистр, докторын шатны сургалт тусалж, бэлтгэсэн нь маргаангүй.
Зохиогч эрх зүйн шинжлэх ухаанаар өөрийнхөө эрдмийн аяныг хязгаарласангүй, түүх, философи, улс төрийн шинжлэх ухааны асуудлаар үг дуугаа гаргаж буй нэгэн. Судалгааны эдгээр талбар нь энэ залуугийн оюуны хүчийг зарим хүнийх шиг тарамдуулсангүй, харин ч нийгмийн үзэгдэл, харилцааг олон талт өнцгөөс харах, өргөн талбарт сэтгэх сонирхолтой зам мөр рүү түүнийг хөтлөөн оруулжээ.
Хөтөлгөө морьтой бол туулах зам холын адил О.Машбат эрх зүйн үзэгдлгийг хэд хэдэн ухааны талаас харахын зэрэгцээ түгээмэл хэд хэдэн хэлээр “судалгааны түүхий эд”-ээ чөлөөтэй базаах чадвартай болсон нь энэ бүтээлийн үнэ цэнийг улам өргөж байгаа юм.
Энэ номд зохиогчийн судалгааны үр дүн, дүгнэлт шинжилгээ давамгайлж байгаа нь маргаангүй боловч өөрийн нь баримталдаг онолын дэг сургууль, улс төрийн болон философийн үзэл санаа цөөнгүй байгаад миний бие хүндэтгэлтэй хандсанаа тэмдэглэж байна. Энэ эрдэм шинжилгээ судалгаа аливаа бүтээлд байх, ердийн бүр зайлшгүй гэмээр үзэгдэл билээ. Мөн үүний зэрэгцээ зарим хэсэгт хайнга болгоомжгүй, дутуу дулимаг хандаж орхигдуулсан зүйл байхыг ч үгүйсгэхгүй. Гагцхүү эдгээр нь санал зөрөх, шүүмжлэх, маргах, мэтгэлцэх, тэр ч бүү хэл няцаах сэдлийг бусад судлаачдад төрүүлж, шүүн хэлэлцэх “матераилыг” бэлтгэж өгч чадваас мэрийн зүтгэсэн зохиогчийн сэтгэл, зүтгэлийн бодит үр дүн болох буй заа. Тийм үр дүнг шавь О.Машбатдаа ерөөж, судлах эрлийн замд нь амжилт хүсье.

Философийн доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Ôèëîñîôèéí äîêòîð, МУИС-ийн дэд профессор
Н. Лүндэндорж

Зохиогчийн үг


Миний бие зургаан жилийн өмнө Монгол Улсын парламентат ёсны гажуудал гэсэн сэдвээр нэгэн өгүүлэл бичсэн билээ. Түүнийгээ олон улсын сэтгүүлд хэвлүүлэх санаа өвөртлөн Иргэний боловсролын төслийн шугамаар ажиллаж байсан айлчин профессор Ясмин Лодитой уулзан санал бодлоо солилцсон юм. Профессор Лоди миний бичсэн зүйлээс Монгол Улсын болон Герман Холбоот Иргэн Улсын парламентат ёсны харьцуулалтын хэсэг дээр Британийн Вестминстерийн системийн талаар судалж, нэмж харьцуулбал илүү сонирхолтой байж магадгүй шүү хэмээн зөвлөж билээ.
Энэ үеэс миний судалгаа Британийн парламентат ёс, түүний түүхэн хөгжлийн асуудлыдг сонирхох болсон нь харьцуулалтын маань хүрээ далайцыг үлэмж тэлж өгсөн юм. Улмаар Монгол Улсын парламентат ёсны загвар бидний байнга ярьж заншсан Германы парламентат ёсны загвараас тэс өмнөө, харин Британийн Вестминстерийн загвартай их төстэй болох нь судлах бүрий нүднээ илрэн гарсан билээ. Хэдийгээр парламентын тогтолцооны эл хоёр хэлбэрийн тухай асуудал өрнө дахины эрдэмтэн судлаачдын хувьд шинэ зүйл биш боловч миний хувьд өөртөө хийсэн бяцхан нээлт байлаа. Иймээс шинэ санаа нэмэрлэж, урам хайрласан Лоди профессорт миний бие гүнээ талархан явдаг билээ.
Уншигч танаа толилуулж буй энэ ном бол миний эрдмийн зэрэг горилох ажлын өмнөх хайгуул судалгааны тайлан дүгнэлт юм. Парламентын засаглалын үед эрх мэдэл төвлөрүүлэх ба хуваарилах хоёр хэлбэрийн тухай эл судалгаанд зургаа орчим жил зарцуулсан бөгөөд эрх зүй, улс төр, түүхэн талаас нь нэгдмэл зураг гаргах эгсэн оролдлого болно.
Судалгаа гэдэг оюуны хөдөлмөр бөгөд автобусанд явж байсан ч, самар цөмж байсан ч толгойд эргэлдэж л байдаг ажил билээ. Ийнхүү гиюүрч явахад онож хэлсэн ганц үг, олж томьёолсон бодомж бүр гүн их нэмэртэй байдаг. Ийм үнэтэй санаа ажил дээрээ (Стратегийн судалгааны хүрээлэн) ном уншиж суухад, багш нартайгаа ярилцах үед, найз нартайгаа пиво уух үед хэзээ ч хамаагүй төрдөг. Онгод орон лекц унших зуур оюутны тавьсан асуулт ч шинэ санаа, шинэ мэдлэг авчирдаг. Гэвч надад ямар их тус болж байгаагаа тэр хүмүүсийн ихэнх нь мэдэлгүй өнгөрдөг билээ. Ингэж ажилд минь алт шиг санаа нэмдэг ажлын хамт олондоо, МУИС-ын Хууль зүйн сургууль, Нийгмийн шинжлэх ухааны сургууль, тухайлан, Улс төр судлалын болон Түүхийн тэнхимийн багш нартаа, бас оюутан шавь нартаа гүн талархал илэрхийлье.
“Монгол Улсын төрийн байгууллыг боловсронгуй болгох нь” гэсэн сэдвээр манай ардчилсан хувьсгалын удирдагч Улаалзай Хөгдүүд С. Зориг эрдмийн зэрэг горилох ажлаа хийж байжээ. Миний бие Монгол төрийн эгэл боловч аугаа зүтгэлтэн энэ хүний шууд удирдлага дор амьдралынх нь сүүлийн хоёр жилд нэг дор хамт ажиллаж байсан авч түүний эрдмийн ажлын сэдвийн тухай нэлээн хожуу олж сонссон юм. Тэрээр дарга шиг хүн байсангүй, зүгээр л жирийн эгэл сайн хүн, сайн нөхөр байлаа. Бидний хэдэн туслах нь ч түүнийг “-дарга аа” гэж биш, харин “- Зоригоо ах аа” гэж дууддаг байсан юм. Тийн атал түүний ажиллаж байсан эрдмийн бүтээл нь миний хийж байсан зүйлтэй нэгэн чиглэлд байсныг олж мэдэж чадаагүйг санахад нэг бодлын миний хувьд ичгүүртэй боловч нөгөө бодлын С. Зориг агсны хийж бүтээж зорьж ажиллаж байсан нь хэдий өргө байж вэ хэмээн сэтгэлд буух бөлгөө.
С. Зориг агсны эрдмийн ажлын үр дүнгийн талаар миний бие тодорхой судлаж үзсэн зүйл хараахан үгүй, эрдэм гэдэг оройгүй, хүрээгүй, орооцолдсон, хөглөрсөн болохоор үр дүн нь минийхээс зөрөх ч байсан байж магадгүй.
Хэдий тийм боловч энэ ажлаа эгэл сайн хүн Зоригоо ахын дурсгалд би зориулж байна.

ҮАБЗ-ийн дэргэдэх
Стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах шинжээч
МУИС-ын докторант
Сарлагтай Отгонбаярын Машбат

Хоёрдугаар бүлэг.

ТӨРИЙН БАЙГУУЛАЛД УЛС ТӨРИЙН СОНИРХЛЫН ТЭНЦВЭРИЙГ ХАДДГАЛАХ ЗАРИМ МЕХАНИЗМ
Эхний бүлэгт бид төрийн байгуулалд улс төрйин сонирхлын тэнцвэр тусдаг хэмээн Британи, Германы төрийн байгуулалтын хөгжлийн түүхээс харж дүгнэсэн билээ.
Хэрэв тийм бол тэр улс төрийн сонирхлыг нь төрийн байгууллын түвшинд ямар механизмаар тусгаж тэнцвэржүүлдэг вэ гэх сонирхолтой асуулт ургаж байна. Эл асуултад хариулахад энэ бүлэг бүхэлдээ чиглэх юм. Улс төрийн сонирхлыг эрх мэдэл хуваарилах зарчмын хүрээнд хэрхэн тэнцүүлдэг вэ гэдэгт ч бас хариулт хайн бэдэрсэн.
Үүнд хариулахад, ялангуяа парламентын засаглалтай улсад авч хэлбэл тун ярвигтай байх аж. Хийсвэрлэж үзвэл, дараахь хоёр логик боломж байх нь гарцаагүй юм. Үүнд:
1. парламентын засаглалын үед (гэсэн нөхцөлд)
2. эрх мэдэл хуваарилах онолыг
а. Хэрэглэнэ
б. Хэрэглэхгүй
Гадаад олон улсын үндсэн хуулийг сөхөж үзвэл, дээрх хоёр боломжоор тодорхойлогдох үндсэндээ хоёр төрлийн хандлага байгаа нь ажиглагдаж байх агаад үүнийг эрх зүйчид бус, харин харьцуулсан улс төр судлаач нар тэмдэглэсэн байдаг.
Төр бол өөрөө улс төрийн субьект мөн. Чухамдаа эртний сэтгэгчдийн үед төр, улс төр хоёр “полис” хэмээх нэг үгээр тэмдэглэгдэж байлаа. Хожим Ромын сэтгэгчид төр, улс төр, хууль эрх зүй зэргийг ялгаж нэрлэж эхэлсэн байдаг.
Чухамдаа нэгэн цогц үзэл санаанаас урган гарсан тул төр ч тэр, эрх зүй ч тэр улс төрийн мөн чанартай юм. Үүнийг ялангуяа, Ленин тэргүүтэй Марксистууд чухалчлан тэмдэглэж, тэдгээрийн нэгдмэл байдлыг хангах хэрэгтэй гэжээ. Нөгөө талаас, төр улс төр, эрх зүй гурвыг салгаж хөгжүүлэх гэсэн оролдлогуудыг либерал чиглэлийн онолууд хүчтэй тавьж байлаа.
Онолын эдгээр зөрчлөөс төвлөрсөн төрийн болон эрх зүйт төрийн хоёр сөргүү олон гарчээ.
Төвлөрсөн төрийн бидний сайн мэдэх онол бол ленинист сургааль бөгөөд ардчилсан төвлөрлийн тухай номлоно. Гэтэл капиталист гэгдэх нөгөө ертөнцөд, мөн л ардчилсан төвлөрлийн тухай сургааль эрчимтэй хөгжиж байлаа. Харин манайд энэ тухай төдий л судлаагүй юм. Түүний практик биелэл бо Их Британи дахь Вестминстерийн систем байна.
Харин эрх мэдэл хуваарилах зарчимд тулгуурласан эрх зүйт төрийн тухай онол нь төрийн эрх мэдлийг төрийн (нийгмийн) субьектүүдэд хуваан эдлүүлж, сарниулах замаар иргэдийн эрх чөлөөг хангаж, төр иргэн хоёр тэгш эрхтэй харилцахыг эрхэм болгодог.
Энэ хоёр онолын бас нэгэн ялгаа н эл бүлэгт өгүүлэх гэж буй улс төрийн сонирхлыг төрийн байгуулалд тусгах асуудал мөн.
Вестминстерийн системд төрийн үйл ажиллагааны мөн чанар бол улс төрийн бодлого гэдгийг хүлээн зөвшөөрч, сонгуульд ялсан нам төрийн бүх эрхийг, тухайлан, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг дангаараа үнэмлэхүй эдлэж байдаг. Үүний эсрэгээр, эрх зүйт төрийн номлолд эрх мэдэл хуваарилах зарчим, эл зарчмын дагуу байгуулагдах төрийн тогтолцоонд улс төрийн тэмцлийг хязгаарлан тогтоох гэсэн оролдлого хийдэг байна. (Энэ номлолыг Боннын систем хэмээн эл ажлын хүрээнд судлаач томьёолон нэрлэсэн болно.)
Хоёр баримтлалын ялгаатай талыг дэлгэн үзүүлэхийн тулд энэ дэд бүлгийг дотор нь дэс бүлэгт хувааж үзлээ.
- Нэгдүгээр дэс бүлэгт бид Вестминстерийн систем, түүний мөн чанарыг, Британийн нийгэм эдийн засгийн системд нь авч үзэх блно.
Хоёрдугаар дэс бүлэгт бид Боннын систем буюу эрх мэдэл хуваарилах зарчмын хүрээнд ялангуяа парламентын засаглалын үед, улс төрийн сонирхлыг тэнцвэржүүлсэн, эрх мэдэл хоорондын бие даасан байдлыг хангах, байгуулалтын механизмыг дэлгэрэнгүй үзэх болно.

Гуравдугаар Бүлэг

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАХ ҮЕИЙН УЛС ТӨР ЭРХ ЗҮЙН ШИНЖИЛГЭЭ

Энэ бүлэгт Монгол Улсын 1992 оны Үндсэн Хууль батлагдан гарсан улс төр эрх зүйн орчиныг шүүмжлэн үзнэ.
Ардчилсан хувьсгал Монголын нийгэмд улс төрийн шинэ уур амьсгал авчирсан бөгөөд тайван замаар хийгдсэн энэ хувьсгалын үе шат бүхэн Монгол Улсын үндсэн хуульт ёсны зарчим бөгөөд тайван замаар хийгдсэн эл хувьсгалын үе шат бүхэн Монгол Улсын нийгэмд улс төрийн шинэ уур амьсгал авчирсан бөгөөд тайван замаар хийгдсэн эл хувьсгаылн үе шат бүрхэн Монгол Улсын үндсэн хуульт ёсны хөгжилд өөр өөрийн ул мөрөө үлдээсэн билээ.
Улс төрийн тогтворгүй байдлаас сэргийлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн улс төрийн намуудын дугуй ширээний ярилцлага, БНМАУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, шинэ үндсэн хууль боловсруулах, батлах явц дахь улс төрийн хүчнүүдийн үүрэг роль, тэдгээрийн үзэл баримтлалын төлөвшил зэргийг судлан үзэх нь тун сонирхолтой сэдэв мөн. Чухам үүнийг илрүүлэн гаргахад эл бүлгийн зорилго оршино.
АИХ, УБХ-ын чуулганы бүрэн протокол, мөн тухайн үеийн өдөр тутмын хэвлэл сэтгүүр зэрэг эх материалд контент аналие хийх аргыг энэ бүлгийн судалгаанд голлосон болно. Энэ нь тухайн үеийн байдлыг тоймлон өнгөрөх бус харин улс төрийн уур амьсгалыг нь аль болохн дэлгэрэнгүй бодитойгоор дүрслэхэд хамгийн зохимжтой болов уу гэсэн үүднээс билээ. Мөн зорилгоор зарим газар зарим фактыг хэт дэлгэрэнгүй тоочсон тал бий.

Дөрөвдүгээр Бүлэг.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН БАРИМТЛАЛ ӨӨРЧЛӨГДСӨН НЬ
Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш найман жилийн дараа анхны нэмэлт өөрчлөлтийг оруулсан юм. Эл нэмэлт өөрчлөлтийн мөн чанарыг танин мэдэхийн тулд
А) үйлчилж ирсэн арван жилийн үр нөлөө
Б) өөрчлөлтийн үндсэн агуулга зэргийг нарийвчлан судлах шаардлагатай.
Монгол Улсын Үндсэн хуулиар анх тогтоосон төрийн байгуулал, парламентат ёсны үндсэн хэв маягийг үзвэл Боннын системийг суурь болгосон байдал илэрхий ажиглагдана. Ийнхүү тодорхойлох гол шинж нь парламентын засгийн хүрээнд төрийн эрх мэдлийг хуваарилах оролдлого байсан юм. Харин 2000 онд хийсэн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд манай парламентат ёс Вестминстерийн систем руу шууд шилжилт хийсэн.
Гэвч энэ шилжилт нь гэнэтийн зүйл байгаагүй бөгөөд Үндсэн хуульд шууд баталгаажвал зохих зарим механизмыг тусгалгүй орхиж, ердийн хуулиар гүйцээж зохицуулахдаа гажуудуулснаар эхэлсэн юм.
Энэ шилжилтийн явцыг дэлгэрэнгүй нээн үзүүлэхэд энэхүү дэд бүлэг чиглэж байгаа бөгөөд үүний тулд дээр өгүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн анхны үзэл баримтлал, дутуу зохицуулалтууд хэрхэн гажуудсан хийгээд эл гажуудал нь хэрхэн Боннын системээс Вестминстерийн систем рүү эргүүлж, Монголын улс төрийн амьдралд нөлөөлж байгааг тодорхой дүрслэн харуулахыг хичээлээ.